Сүүлийн жилүүдэд Ази тивийн улс орнууд зам тээврийн дэд бүтцийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ухаалаг пүү (Weigh-In-Motion, WIM) технологийг бодит төслүүдэд өргөнөөр нэвтрүүлж эхэллээ. Ялангуяа Зүүн Өмнөд Ази болон Ойрх Дорнодын бүсэд ачаа тээврийн урсгал огцом нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор даац хэтрэлт, замын эвдрэл, засварын зардал томоохон асуудал болж байна.
Кувейт, Камбож улсууд WIM системийг сонгожээ
Салбарын олон улсын мэдээллээр Кувейт болон Камбож улсуудад өндөр хурдны WIM системийн төслүүд хэрэгжихээр болж, гэрээ хэлцлүүд амжилттай байгуулагдсан байна. Кувейт улсад WIM системийг үндсэн авто замууд дээр суурилуулж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг бодит цагт илрүүлэх, шууд хяналт тавих зорилготой бол Камбож улсад Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр анхны WIM төслийг хэрэгжүүлж, замын дэд бүтцийн хамгаалалтыг сайжруулахаар ажиллаж байна. Ухаалаг пүү (WIM) технологи нь ухаалаг тээврийн систем (ITS)-ийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дугаар таних камер (ANPR), торгуулийн систем, төвлөрсөн дата удирдлагатай уялдан ажилласнаар даацын хяналтыг автомат, ил тод, хүний оролцоо багатай хэлбэрт шилжүүлж байна. Ази тивийн орнууд энэ загварыг бодит хэрэгжилт дээр амжилттай туршиж эхэлсэн нь бүс нутгийн зам тээврийн салбарт шинэ стандарт тогтоож байна.
Монгол Улсад хэрэгжүүлэх боломж
Ази тивийн эдгээр туршлагууд нь Монгол Улсын авто замын сүлжээ, уул уурхай болон логистикийн ачаалал өндөртэй бүсүүдэд ухаалаг пүү (WIM) системийг нэвтрүүлэх бодит боломж байгааг харуулж байна. Олон улсын жишигт нийцсэн ийм шийдэл нь замын дэд бүтцийг хамгаалах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, өгөгдөлд суурилсан бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой юм.